Биеийн хэл буюу биеийн хөдөлгөөн нь нэгэн хүчирхэг харилцааны хэлбэр бөгөөд тухайн хүн өөртөө итгэлтэй, итгэлгүй, худлаа ярих эсвэл үнэнээ хэлж буйг мэдэх боломжтой байдаг. Та дотоод сэтгэлдээ түгшсэн эсвэл ядарсан байсан ч дохио зангаа, хөдөлгөөнөө ашиглан өөртөө итгэлтэй мэт харагдах боломжтой юм. Ажлын ярилцлагад орох эсвэл болзоонд явах үед өөрийн биеийн хөдөлгөөнд анхаарснаар эерэг үр дагавар гарахад өндөр нөлөө үзүүлдэг.

Үргэлж нүд үрүү нь харж харц тулгарах хэрэгтэй

Хүнтэй ойртож ярилцах үед өөрийн итгэлтэй байдлыг харуулахын тулд нүд үрүү нь харж харилцах нь хамгийн хүчирхэг бөгөөд чухал үйлдлүүдийн нэг юм. Харц тулгарах нь шударга, үнэнч байдал, ойр дотно мэт, сайн сонсогч гэдгийг илэрхийлж байдаг.

Харин ярилцаж байхдаа нүд үрүү нь харахгүй байх нь өөртөө итгэлгүйг илэрхийлдэг байна.

Сандлын түшлэг түшихгүйгээр урагш суух

Хэн нэгэнтэй ярилцаж байхдаа урагш суух нь харилцан яриаг илүү идэвхтэй болгож ярьж буй зүйлийг нь сонирхож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн өөртөө итгэлтэй байгааг харуулах ба ярилцаж буй хүнтэй ойртуулж өгдөг.

Харин түшлэг налж, хойш суух нь ерөөсөө сонирхохгүй эсвэл анхаарахгүй байгааг илэрхийлж байдаг байна.

Үргэлж урагш харж байх

Алхаж байхдаа доош хардаг эсвэл хэн нэгэнтэй ярихдаа толгойгоо бөхийлгөдөг хүмүүс дотогшоо зан араншинтай хүмүүс байдаг. Харин ямар ч үед урагш хардаг хүмүүс өөртөө итгэлтэй, бардам харагддаг.

Гараа хүмүүст харуулж байх

Та өөрийгөө итгэлтэй гэдгийг харуулахыг хүсвэл гараа яаж ч байсан халаасандаа бүү хийгээрэй. Халаасандаа гараа хийх нь өөртөө итгэлгүй, сандарсан, ямар нэг зүйл нууж буйг илэрхийлдэг. Тийм учраас үргэлж гараа харуулж байх хэрэгтэй юм.

Бага зэрэг инээмсэглэх

Бид хэн нэгэнтэй ярилцах үед тухайн хүн нөхөрсөг, сайн сонсогч байгаасай гэж хүсэж байдаг. Харин үүнийг ердөө бяцхан инээмсэглэлээр шийдэх боломжтой юм.

Орчиндоо дасан зохицож, тухтай байх

Өөртөө итгэлгүй хүн биеэ барьж, номхон суудаг ба энэ нь жижиг биетэй мэт харагдаж байдаг. Хэрвээ та өөртөө итгэлтэй харагдахыг хүсвэл тухайн орчиндоо аль болох тухтай байхыг хичээх хэрэгтэй.