Германы Улм хотод өвлийн хүйтэнд орон гэргүй хүмүүст зориулж унтлагын бүхээг бэлдэж өгсөн ба орон гэргүй хүмүүс хамгийн ихээр цугладаг газруудаар суурилуулжээ.

Уг бүхээгийг мод болон төмрөөр хийсэн бөгөөд хоёр хүний багтаамжтай, өвлийн хүйтэн эсвэл борооноор хамгаалах зорилготой гэнэ. Мөн агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх чадвартай.

Дээвэр дээр нь нарны хавтан байрлуулсан бөгөөд тог цахилгааныг нарнаас авдаг. Хүмүүс нь утасгүй байсан ч дотор нь байрлах радио сүлжээгээр чөлөөтэй харилцах боломжтой.

Хүмүүс үүнийг ашиглахын тулд ямар нэг зүйлд бүртгүүлэх шаардлагагүй ба шууд онгойлгоод дотроос нь түгжих юм.

Бүхээг онгойх үед нийгмийн ажилтанд мэдэгдэл ирдэг. Өглөө нь ажилтнууд нь бүхээгүүдээр явж орон гэргүй хүмүүсийн үйлчилгээ авах талаар асуудаг байна. Мэдээж бүхээгийг хэн хэрэглэсэн гэдэг нь нууц үлддэг.

Орой болгон засварын ажилтнууд ирж нэг бүрчлэн засаж, цэвэрлэдэг.