Бид кинон дээрээс төгс гэр бүл өглөөний цайгаа ууж буйг хардаг бөгөөд барагтаа гэр бүлээрээ өглөө цай уудаггүй билээ. Харин судалгаагаар бид бүхэн гэр бүлээрээ тойрон сууж өглөөг угтах нь зүйтэй гэжээ. Энэ нь цаашлаад үр хүүхдүүдэд маань эерэгээр нөлөөлж, тулгараад буй асуудлыг шийддэг байна.

Биеэ зөв авч явахад суралцдаг

Хүүхдүүд хамтдаа хооллож байхдаа эцэг эхийнхээ зан байдлыг дуурайдаг. Эцэг эхчүүд хоол идэж байхдаа хэрхэн биеэ зөв авч явахыг харуулах боломжийг ашиглаж болно. Үүнээс гадна нийгмийн болон харилцааны ур чадварыг гэр бүлийн хоолоор дамжуулан зааж болно.

Хичээлдээ илүү сайн сурдаг

Эцэг эхтэйгээ хооллодог хүүхдүүд ганцаараа хооллодог хүүхдүүдээс илүү сайн сурдаг. Учир нь эцэг эхийн өгсөн хоол нь илүү тэжээллэг чанартай, витаминлаг байдагтай холбоотой байх ба үүнээс гадна хүүхдүүдийн сургууль дээр тулгамдсан асуудлын талаар ярилцаж асуудлыг илүү үр дүнтэй, зохистой шийдвэрлэхэд тусалдаг.

Эрүүл хооллодог

Гэр бүлээрээ хамтдаа хооллосноор илүү эрүүл хоол хүнс сонгодог. Харин гадуур хооллох нь хоолны муу зуршлыг бий болгодог. Эцэг эхтэйгээ хамт эрүүл тэжээллэг хоол иддэг хүүхдүүд өсвөр насандаа таргалах магадлал нь бага байдаг.

Илүү нээлттэй болдог

Гэр бүлээрээ тав тухтай цугларан ярилцах нь хүүхэд, өсвөр насныханд сэтгэлээ нээж нээлттэй ярихад тустай байдаг. Судалгаагаар хүүхдүүд эцэг эхтэйгээ хооллох нь тэдний хоорондын харилцаа илүү сайжирдаг болохыг тогтоосон. Гишүүн бүр өөр өөрсдийн амьдралын талаар яриснаар гэр бүл илүү дотно, бие биенээ ойлгож бат бөх харилцаа бий болдог.

Өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилдэг

Хооллож байхдаа тэдний яриаг анхааралтай сонсож, анхаарал халамж тавих нь тэднийг ихээхэн баярлуулдаг. Энэ нь тэдэнд нийгмийн оролцоонд орох үед шаардагдах өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Мөн өсвөр насныханд ойр дотны хүмүүстэйгээ нээлттэй ярилцсанаар сэтгэл гутралд орохоос сэргийлдэг байна.

Бие даах чадвартай болдог

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хоол бэлтгэх ажилд оролцуулж болно.Хүнсний дэлгүүр явуулах, хоолоо төлөвлөх, хоол хийлгүүлэх нь хүүхдүүдээ бие дааж сургах сайхан арга юм. Дээрээс нь энэ нь тэдэнд ямар төрлийн хоол сонгох нь илүү зохистой, мөнгөтэй хэрхэн зөв харьцах талаар суралцах боломжийг олгодог.

Та хүүхдүүдтэйгээ хэр олон удаа хооллодог вэ? Хамтдаа хоол идэж байхдаа юу ярьдаг вэ?