Шанхайд амьдардаг энэ эмэгтэй өдий 50 гарсан ч диснейн гүнж шиг хувцаслах дуртай нэгэн бөгөөд өөрийн амьдардаг дүүрэгтээ од болоод байгаа гэнэ.

Сошиалд тавигдсаны дараахан түүнийг “Анфу гудамжны бяцхан гүнж” гэж нэрлэх болжээ. Хэрвээ танд аз таарвал Анфу гудамжаар гүнжийн хувцас өмссөн энэ хүнтэй таарч болно. Хэрвээ сайн ажиглавал дандаа шинэ гоёлын хувцас өмсдөг бөгөөд бусад хүмүүсийг тоолгүй өөртөө итгэлтэй алхана. Гэвч энэхүү даашинзны ард сэтгэл хөдөлгөм түүх бий ажээ.

Сэтгүүлчид түүний нэрийг зарлаагүй боловч яагаад ийм хувцас өмсөх болсон талаар ярилцлага авчээ. Тэрээр жилийн турш хүнд өвчнөө эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээний нөлөөгөөр үс нь унаж, биеийн жин нь нэмэгджээ. Удалгүй түүний арьсанд үрчлээ сууж эхэлсэн ба өөрийгөө хараад таниагүй гэнэ. Сэтгэл гутралд орохгүй нь тулд залуу насандаа дурлаж байсан Лолита загварын даашинзаа хийж өмсөхөөр шийджээ. Нэг даашинзаа дахиж өмсдөггүй болохоор энэ хугацаанд олон олон даашинз оёсон байна.

Анфу гудамжны Бяцхан гүнж өөртөө итгэлтэйгээр алхаж олон мянган хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Үүний дараа түүний гэрэл зураг дээрх сөрөг сэтгэгдлүүд алга болжээ. Одоо хүмүүс түүнд урам хайрлаж мөрөөдөлдөө хүрэхэд нь сэтгэлийн үгээр тэтгэж байна.
